ХЗХ-ны үйл ажиллагааны зарчим

Олон улсын хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зарчмууд


Олон улсын хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зарчмууд нь хамтран ажиллах үзэл баримтлал бөгөөд шударга ёс, эв нэгдэл, эрх тэгш байдал, харилцан туслалцаа гэсэн хоршооны үнэт зүйлсэд тулгуурлаж байгаа.

Дэлхий дахины хадгаламж, зээлийн хоршоодын туршлага, хөгжил нь өөр өөр байгаа ч энэхүү үйл ажиллагааныхаа зарчмуудын  гол утга санаа нь нийгэм дэх хувь хүмүүсийн хамтын ажиллагааг өргөжүүлж, хүмүүсийг хөгжүүлж, хамтран ажиллах замаар сайн сайхан нийгмийг бүтээн байгуулахад оршино.

АРДЧИЛСАН БҮТЭЦ

Нээлттэй, сайн дурын гишүүнчлэл
ХЗХ-ны гишүүнчлэл нь сайн дурын бөгөөд тухайн хоршооны гишүүдийн нэгдмэл сонирхолд чиглэн, үйлчилгээг авч, гишүүний үүрэг хариуцлагаа биелүүлэн ажиллах хэн бүхэнд нээлттэй байна.

Ардчилсан хамтын удирдлага ба хяналт
ХЗХ-ны гишүүд нь оруулсан хөрөнгө, хадгаламж, эрхэлж буй бизнесийн хэмжээнээс үл хамааран шийдвэр гаргалтанд тэгш эрхтэй оролцоно (нэг гишүүн нь нэг саналын эрх эдлэнэ). ХЗХ-дод дэмжлэг үзүүлэгч байгууллагууд болон холбоо нь ардчилсан зарчмын дагуу пропорциональ эсвэл төлөөллөөр санал хураах системийг хэрэгжүүлж болно. ХЗХ нь гишүүддээ үйлчлэх зорилготой, гишүүдийн хяналтан дор, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бие даасан байгууллага юм.

Үл ялгаварлал
ХЗХ нь хэнийг ч арьс өнгө, үндэс угсаа, хүйс, шашин шүтлэг, улс төрийн харъяалал зэргээр үл ялгаварлана.

ГИШҮҮДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Гишүүдэд хүртээмжтэй байх
Гишүүдийн хуримтлалыг дэмжих замаар хадгаламж төвлөрүүлэх, улмаар зээлийн болон бусад үйлчилгээг хүргэхэд ХЗХ –ны чадавхийг харгалзан хамгийн боломжит хадгаламжийн хүүг тогтооно.

ХЗХ нь үйл ажиллагаанаас олсон орлогоос санхүүгийн болон үйл ажиллагааны зардалыг нөхөж, зээлийн эрсдлийн сан болон нөөцийн санг зохистой хэмжээнд байгуулсны дараа цэвэр орлогын үлдэгдэл хэсгийг гишүүдийг ялгаварлан гадуурхахгүйгээр гишүүн бүрт тэгш хүртэх зарчмыг баримтлан хуваарилна. Гишүүдэд хувь хөрөнгөд хувь тэнцүүлэн ногдол ашиг олгох, эсвэл үйлчилгээг сайжруулах, хэрэгцээтэй үйлчилгээг шинээр бий болгоход ашиглаж болно.   

Санхүүгийн тогтвортой байдлыг хангах
Хоршоо үйл ажиллагааныхаа үр дүнд зохистой хэмжээний нөөцийг бий болгох,  дотоод хяналтын системийг боловсронгуй болгох  замаар санхүүгийн чадавхаа бэхжүүлж, улмаар гишүүддээ тогтвортой, урт удаан хугацаанд үйлчилгээгээг хүргэнэ.  

Гишүүдэд өгөөжтэй үйлчилгээ үзүүлэх
ХЗХ-ны үйлчилгээ нь гишүүдийнхээ гишүүдийн эдийн засаг болон нийгмийн сайн сайхан байдлыг сайжруулахад чиглэсэн байна.

НИЙГМИЙН ЗОРИЛТ

Байнгын сургалт, боловсрол
ХЗХ нь эдийн засаг, нийгэм, ардчилал болон харилцан туслалцах зарчимд тулгуурлан хоршооны гишүүд, ажиллагсдын төдийгүй нийт иргэдийн боловсролыг  хөгжүүлэхэд идэвхитэй оролцоно. Хуримлалын ач тус, зээлийн ухаалаг хэрэглээний талаар мэдлэгийг олгох, гишүүдийн хүлээх эрх, үүрэг, хариуцлагыг ухамсарлуулан ойлгуулах зэрэг нь  ХЗХ-ны эдийн засаг болон нийгмийн хос зорилгын нэн чухал асуудал болж байгаа.  

Хоршоод хоорондын хамтын ажиллагаа
Гишүүдийнхээ болон хоршооныхоо ашиг сонирхлын үүднээс ХЗХ нь  өөрийн боломжид нийцүүлэн бусад хоршоо, холбоодтой орон нутагийн, үндэсний болон олон улсын хэмжээнд хоршооны мөн чанар, зарчмын хүрээнд туршлага, ур чадвараа нэгтгэн хамтран ажиллана.

Нийгмийн хариуцлага
ХЗХ нь хоршооллын анхдагчдын зарчим, итгэл үнэмшлийг үргэлжлүүлэн хувь хүн болон нийгмийн хөгжлийн төлөө ажиллана. Нийгмийн шударга ёсны  төлөөх үзэл бодол нь дан ганц гишүүдээрээ тогтохгүй, цаашлаад тэдгээртэй зэрэгцэн оршиж, ажиллаж буй хамт олон, хүмүүсийг хамааруулан ойлгоно. Хадгаламж, зээлийн хоршоо нь өөрийн үйлчилгээг хэрэгцээтэй гэж үзсэн, мөн ашиглаж чадах бүх хүмүүст хүргэхэд эрхэмлэнэ. хоршооны гишүүн ч бай, боломжит гишүүн ч бай, аливаа хүнийг ямар нэгэн байдлаар хоршооны ашиг сонирхол д хамааралтай гэж үзнэ. Хоршооноос гарч буй аливаа шийдвэр нь гишүүд, хоршоо болон нийгмийн нийтлэг эрх ашигт буюу ал алинд нийцсэн байна.

Дэлхийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо (World Council of Credit Unions, WOCCU) –ноос гаргасан тайлбар
Дээш очих