Гадаад хамтын ажиллагаа

Азийн Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо (Association of Asian Confederation of Credit Unions, ACCU)




Азийн Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо нь 1971 онд байгууллагдсан ба өнөөдрийн байдлаар 26 орны 21,9 мянган хадгаламж, зээлийн хоршоо, холбоодыг нэгтгэн ажиллаж байгаа. ACCU нь ХЗХ –дыг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэрэгсэл гэж үзэн тэдгээрийн тогтвортой хөгжил, хөдөлгөөний сурталчилгаанд чиглэгдэн ажиллаж байна.

ACCU –ийн асан гүйцэтгэх захирал Ранжет (Ranjith Hettiarachchi) болон одоогийн гүйцэтгэх захирал Еленита  (Elenita V San Roque) нарын дэмжлэгтэйгээр 1999 онд “ХЗХ –ны тогтвортой хөгжлийн арга зам” сэдэвт сургалт явуулсанаас хойш Азийн Хадгаламж, зээлийн хоршоодын холбоо нь Монголын хадгаламж, зээлийн хоршоодыг олон улсын зарчмын дагуу хөгжүүлэх, хоршооны үйл ажиллагааг сайжруулах, боловсронгуй болгох, ажиллагсадын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

МХЗХҮХ нь 2005 онд ACCU-д дэмжигч гишүүнээр элсэж, гишүүн байгууллагын хувьд Азийн хадгаламж, зээлийн хоршоодын холбооноос зохион явуулдаг бүхий л арга хэмжээнд оролцож, хэрэгцээт дэмжлэгийг авч ирсэн. Монголын хадгаламж, зээлийн хоршоод жил бүрийн 9 дүгээр сард болдог Азийн хадгаламж, зээлийн хоршоодын форумд оролцож олон улсын зөвлөх, мэргэжилтнүүдээс суралцах, туршлага солилцох, дэлхийн хадгаламж, зээлийн хоршоодын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл авч байгаа юм.  

2014 онд зохион байгуулагдсан Монголын ХЗХ-дын ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ сэдэвт Үндэсний анхдугаар форумд  Азийн Хадгаламж, зээлийн хоршоодын холбоог төлөөлж менежер Еленита В. Сан Року  (Elenita V San Roque)  “Тогтворжилтын болон хадгаламж хамгаалалтын сан” сэдэвт илтгэл тавьж оролцсон.

Канадын хоршоодын холбоо (Canadian Cooperative Association, CCA)




Канадын хоршоодын холбоо (1909 онд байгууллагдсан) болон Канадын хоршооллын колеж 1987 онд нэгдснээр Канадын хоршооллын холбоо нь байгууллагдсан. ССА нь 2000 гаруй гишүүн байгууллага болох хадгаламж, зээлийн болон бусад хоршоо, орон нутгийн холбоо, хоршоодыг дэмжигч байгууллагуудыг төлөөлж, тэдгээрийн эрх ашгийг хамгаалан үйл ажиллагаагаа явуулдаг. ССА нь 40 гаруй улс оронд ажиллаж, дэлхийн хоршооллын хөдөлгөөнийг идэвхитэй дэмжин хөгжүүлсэн.

Канадын хоршоолллын холбоо нь 1998 оноос эхлэн Монгол улсын хоршоодод зөвлөгөө өгч, сургалтыг зохион байгуулж, төсөл хэрэгжүүлж ирсэн юм. Тухайлбал, АХБ-ны Хөдөө, орон нутгийн санхүүжилтийн төслийг Канадын хоршоолллын холбооны зөвлөх, мэргэжилтнүүд оролцсон, мөн  Хотын  хадгаламж, зээлийн хоршоодыг бэхжүүлэх төсөл,  Зөвлөх үйлчилгээ авах хөтөлбөр зэргийг дурьдаж болох юм.

2014 онд зохион байгуулагдсан Монголын ХЗХ-дын ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ сэдэвт Үндэсний анхдугаар форумд  Канадын хоршоолллын холбоог төлөөлж зөвлөх Бев Максим  (Bev Maxim)  “Шинэчлэл ба хөгжил” сэдэвт илтгэл тавьж оролцсон.

2014 оны 5 дугаар сард  Канадын хоршоолллын холбоо нь ХЗХ- дын эмэгтэй гүйцэтгэх захирлуудад чиглэсэн Олон улсын дадлагажуулах хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлсэн юм.


 

Германы Олон улсын Хамтын ажиллагааны нийгэмлэг (German Agency for International Cooperation, GIZ)



Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэг нь Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамыг төлөөлөн 1991 оноос эхлэн өнөөг хүртэл Монгол улсад орчин үеийн зах зээлийн эдийн засгийн системийг цогцлон бүрдүүлэхэд чиглэсэн засгийн газрын бодлого, үйл явцыг дэмжин ажиилласаар байгаа юм. ГТХАН нь хоршооллын хөдөлгөөний тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн олон хөтөлбөрийг хэрэгжүүлэн хоршооллын салбарт ажиллаж байгаа ажилтнуудыг гадаад, дотоодод сургаж дадлагажуулах, тэдний мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт хийж ажиллаж ирлээ.

2011 оны 1 дүгээр сарын 1 –нээс Германы хөгжлийн алба (DED),  Германы Техник хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ), Олон улсын мэргэжил дээшлүүлэлт, хөгжлийн байгууллага (InWEnt) зэрэг байгууллагуудыг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) нэгтгэн ажиллаж байна.
 

Өмнөд Солонгосын Хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбоо (National Credit Union Federation of Korea, NACUFOK )


                                                                                  

Өмнөд Солонгосын Хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний холбоо нь нийт хадгаламж, зээлийн хоршоодыг төлөөлдөг дээвэр байгууллага ба ХЗХ-дын нэрийн өмнөөс зах зээлийн болон санхүүгийн зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг ашгийн төлөө бус байгууллага юм.  NACUFOK  1964 онд байгууллагдсан.

NACUFOK нь зах зээлийн зуучлагчийн хувьд гишүүн ХЗХ-дын эрх ашгийг хамгаалж, Засгийн газар, зохицуулагч байгууллага болон Олон улсын хадгаламж, зээлийн хоршоодын хөдөлгөөнд тэдгээрийг төлөөлж ажилладаг бөгөөд  хоршоодын нэрийн өмнөөс сурталчилгааны ажлыг хийх, нэгдсэн хяналт, удирдлагыг хэрэгжүүлж, зөвлөгөө өгдөг, сургалтыг зохион байгуулдаг юм. Санхүүгийн зуучлагчийн үүргийг гүйцэтгэхдээ NACUFOK нь төвлөрсөн дундын санхүүгийн байгууллагын хувьд хоршоодод зээлийн үйлчилгээ үзүүлж, Засгийн газар, өндөр зэрэглэлийн байгууллагууд, сангуудын бонд, бусад үнэт цаас худалдан авах, ашигтай хөрөнгө оруулалт зэргийг хийдэг байна.   

МХЗХҮХ нь 2012 оноос эхлэн Өмнөд Солонгосын холбоотой хамтран ажиллаж байна. 2015 оны 3 дугаар сард Үндэсний холбооны дарга, тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүд нь NACUFOK –ийн Тэргүүлэх зөвлөлийн Нийгмийн хөгжлийн хэлтэсийн дарга  Jeong In-Chul, Тэргүүлэх зөвлөлийн тасгийн дарга Lim In-soo, гүйцэтгэх захирал  Jin-Woo Chu   нар хүмүүсээс бүрдсэн төлөөлөгчдийг хүлээн авч, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага судлах, сургалт авах зэрэг асуудлаар үр дүнтэйгээр санал солилцсон уулзсан.



Олон улсын хоршооллын холбооны Ази-Номхон далайн бүсийн байгууллага (International Co-operative Alliance, ICA Asia and Pacific )



Олон  улсын Хоршооллын Холбоо нь бие даасан, төрийн бус байгууллага бөгөөд 1895 онд үүсгэн байгуулагдсан дэлхийн хоршоодыг нэгтгэсэн, тэднийг төлөөлж тэдэнд үйлчилдэг дээвэр байгууллага юм. ОУХХ 1946 онд Нэгдсэн Үндэсний Байгууллагын “зөвлөх статус”-тай анхны төрийн бус байгууллагуудын нэг болсон.
ОУХХ-ны гишүүнчлэл нь 94 орны 283 гишүүн байгууллага 1 тэрбум хүнийг хамарч, хөдөө аж ахуй, банк, санхүү, худалдаа, эрүүл мэнд, барилга, даатгал гэх мэт эдийн засгийн бүхий л салбарын олон улсын болон үндэсний хоршооллын байгууллагуудаас бүрддэг.

Үйл ажиллагаагаа  иргэд, төр засаг, орон нутгийн болон олон улсын байгууллагуудад хоршооны талаарх мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, хоршоо хөгжих эрх зүйн орчныг бүрдүүлэх, гишүүд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, мэдээлэл солилцох, сурталчлах болон хөгжлийн төсөл хөтөлбөрүүдээр дамжуулан мэргэжлийн туслалцаа үзүүлэх зэрэгт чиглүүлдэг.

Ази-Номхон далайн бүсийн төв нь 1968 онд байгуулагдсан бөгөөд Энэтхэг улсын Шинэ Дэли хотод байрладаг.
 
Дээш очих