Мэдээ

Хадгаламж, зээлийн хоршоодын Хөгжлийн чуулга уулзалт


Монголын хоршоологчдын үндэсний нэгдсэн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Н.Энхболд илгээлт ирүүлж амжилт хүслээ. Тэрээр илгээлтдээ, хөгжил, амжилтын зам шулуун дардан байгаагүй ч туулж өнгөрүүлсэн даваа нугачаа, сургамж бүхэн та бидэнд туршлага болж, дахин алдаа эндэл гаргалгүй, суурь зарчим, үнэт зүйлүүддээ үнэнчээр нягт нямбай, идэвх зүтгэлтэй ажиллаж, ХЗХ-ны санхүүгийн үйлчилгээг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх чин эрмэлзэл болж буйг талархан дурдлаа.
Мөн Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Зүүн Азийн бүсийн газрын ахлах мэргэжилтэн Жакомо Жаннетто Монгол Улсад тус банкнаас хэрэгжүүлж буй төслүүд, санхүүгийн салбарт үзүүлж байгаа дэмжлэгийн талаар танилцуулахдаа, ХЗХ-ны салбарын хөгжил нийт гишүүдийн өөрсдийнх нь зүтгэл, эрмэлзлээс шалтгаалахын онцолж, бүх талаар дэмжиж ажиллана гэдгийг мэдэгдэв.
Хөгжлийн чуулганд хот, хөдөөгийн 290 хадгаламж, зээлийн хоршоо, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк зэрэг бодлого тогтоогч, зохицуулагч байгууллагын 350 орчим төлөөлөгч оролцож, салбарын хөгжлийн төлөв байдал, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцав.

Дээш очих